Jump to content

Викимедиа сангийн Нийтлэг ёс зүйн дүрэм

From Wikimedia Foundation Governance Wiki
This page is a translated version of the page Policy:Universal Code of Conduct and the translation is 100% complete.
Wikimedia Foundation Universal Code of Conduct

Нийтлэг ёс зүйн дүрэм яагаад хэрэгтэй вэ?

Хүн бүр хүн төрөлхтний мэдлэгийн сангаас чөлөөтэй хуваалцах ертөнцийг бий болгох алсын хараандаа хүрэхийн тулд бид аль болох олон хүнийг энэхүү орон зайд идэвхтэй оролцох боломжоор хангахыг зорьдог. Хувь нэмэр оруулагчид маань аль болох олон талт, хүртээмжтэй байх ёстой гэдэгт бид итгэдэг. Бид эдгээр хамт олныг нэгдсэн (болон нэгдэхийг хүссэн) хэн бүхэнд эерэг, аюулгүй, эрүүл орчинг бий болгохыг хүсдэг. Бид энэхүү Ёс зүйн дүрмийг мөрдөж, шаардлагатай бол шинэчлэн сайжруулах замаар энэ байдлыг хэвээр хадгалах үүрэг хүлээсэн. Мөн бид төслүүдээ агуулгыг хорлон сүйтгэх болон гуйвуулгах явдлаас хамгаалахыг хүсдэг.

Викимедиагийн эрхэм зорилгын дагуу Викимедиа төсөл, орон зайд оролцож буй бүх хүмүүс:

  • Хүн бүр бүх мэдлэгийн сангаас чөлөөтэй хуваалцах боломжтой ертөнцийг бүтээхэд туслах
  • Нэг талыг баримтлан хэвийсэн, өрөөсгөл үзлээс зайлсхийсэн дэлхийн нийгэмлэгийн нэг хэсэг байх
  • Өөрийн бүхий л ажилдаа үнэн зөв, нотлогдох боломжтой байдлыг эрхэмлэх

Энэхүү Нийтлэг ёс зүйн дүрэм (НЁЗД) нь танаас хүсч хүлээж буй болон хүлээн зөвшөөрөгдөхгүй зан үйлийн наад захын хэм хэмжээг тодорхойлно. Энэ нь Викимедиагийн онлайн болон оффлайн төсөл, орон зайд харилцаж, хувь нэмэр оруулж буй хүн бүрт хамаарна. Үүнд шинэ болон туршлагатай хувь нэмэр оруулагчид, төслийн эрх бүхий оролцогчид, арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогчид, салбар байгууллагуудын ажилтнууд болон удирдах зөвлөлийн гишүүд, Викимедиа Сангийн ажилтнууд болон удирдах зөвлөлийн гишүүд багтана. Энэ нь Викимедиагийн бүх төсөл, техникийн орчин, биечлэн болон виртуал арга хэмжээ, мөн дараах тохиолдолд хамаарна:

  • Хувийн, олон нийтийн болон хагас олон нийтийн харилцаа
  • Гишүүдийн хоорондох санал зөрөлдөөн болон эв нэгдлийн илэрхийлэл
  • Техник, хөгжүүлэлтийн асуудлууд
  • Агуулгад хувь нэмэр оруулах сэдвээр
  • Гадаад түншүүдтэй харилцахдаа салбар байгууллага/хамт олныг төлөөлөх тохиолдол

1 – Оршил

Нийтлэг ёс зүйн дүрэм нь дэлхий даяар Викимедиа төслүүд дээр хамтран ажиллах зан төлөвийн суурь түвшинг тогтооно. Хамт олон энд заасан шалгуурыг наад захын хэм хэмжээ болгон мөрдөхийн зэрэгцээ орон нутаг, соёлын нөхцөл байдлыг харгалзан үзсэн бодлогыг боловсруулахын тулд үүн дээр нэмэлт оруулж болно.

Нийтлэг ёс зүйн дүрэм нь бүх Викимедианчуудад ямар ч үл хамаарах зүйлгүйгээр нэгэн адил хамаарна. Нийтлэг ёс зүйн дүрэмтэй зөрчилдсөн үйлдэл нь хязгаарлах, хориглох, шийтгэх арга хэмжээнд хүргэж болно. Эдгээрийг томилогдсон албан тушаалтнууд (өөрсдийн орон нутгийн нөхцөл байдалд тохируулан) ба/эсвэл платформуудын хууль ёсны эзэмшигчийн хувьд Викимедиа Сангаас ногдуулж болно.

2 – Баримтлах ёс зүй

Викимедиагийн оролцогч бүр, шинэ эсвэл туршлагатай редактор, олон нийтийн үүрэг хүлээгч, салбар байгууллага эсвэл Викимедиа Сангийн удирдах зөвлөлийн гишүүн, ажилтан байхаас үл хамааран өөрийн зан төлөвт хариуцлага хүлээнэ.

Викимедиагийн бүх төсөл, орон зай, арга хэмжээнд оролцогчдын зан үйл нь хүндэтгэл, соёлтой байдал, хамт олонч үзэл, эв нэгдэл, хариуцлагатай иргэний үзэл дээр үндэслэгдэнэ. Энэ нь бүх хувь нэмэр оруулагчид болон оролцогчдод хамаарах бөгөөд нас, сэтгэц, оюун санааны болон бие махбодийн хөгжлийн бэрхшээл, гадаад төрх, үндэс угсаа, шашин шүтлэг, угсаатны болон соёлын гарал үүсэл, каст, нийгмийн анги давхарга, хэлний мэдлэг, бэлгийн чиг баримжаа, хүйсний баримжаа, хүйс эсвэл мэргэжлийн салбараар ямар нэгэн ялгаварлалгүйгээр мөрдөнө. Мөн бид Викимедиа төслүүд эсвэл хөдөлгөөн дэх байр суурь, ур чадвар, амжилтад үндэслэн ямар нэгэн ялгаварлалгүйгээр хандана.

2.1 – Харилцан хүндэтгэл

Бид бүх Викимедианчуудыг бусдыг хүндэтгэхийг хүлээдэг. Хүмүүстэй харилцахдаа, онлайн болон оффлайн Викимедиа орчинд ч бай бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандана.

Үүнд дараах зүйлс багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй:

  • Бусдыг ойлгох үзэл (эмпати) хэвшүүлэх. Бусдыг сонсож, өөр өөр гарал үүсэлтэй Викимедианчуудын хэлэхийг хүссэн зүйлийг ойлгохыг хичээ. Викимедианчийн хувьд өөрийн ойлголтыг эргэн харж, дасан зохицоход бэлэн бай.
  • Сайн санааны үзлээр хандаж, бүтээлч засвар хийх; таны оруулсан хувь нэмэр төслийн эсвэл ажлын чанарыг сайжруулахад чиглэх ёстой. Санал хүсэлтийг найрсаг, сайн санааны үүднээс өгч, хүлээн ав. Шүүмжлэлийг мэдрэмжтэй, бүтээлч байдлаар хүргэх хэрэгтэй. Эсрэгээр нотлох баримт байхгүй бол бүх Викимедианчууд бусдыг төслийг хамтран сайжруулахаар ирсэн гэж үзэх ёстой. Гэвч үүнийг хор хөнөөлтэй нөлөө үзүүлэх мэдэгдлийг зөвтгөхөд ашиглаж болохгүй.
  • Сайн санааны үзлээр хандаж, бүтээлч засвар хийх; таны оруулсан хувь нэмэр төслийн эсвэл ажлын чанарыг сайжруулахад чиглэх ёстой. Санал хүсэлтийг найрсаг, сайн санааны үүднээс өгч, хүлээн ав. Шүүмжлэлийг мэдрэмжтэй, бүтээлч байдлаар хүргэх хэрэгтэй. Эсрэгээр нотлох баримт байхгүй бол бүх Викимедианчууд бусдыг төслийг хамтран сайжруулахаар ирсэн гэж үзэх ёстой. Гэвч үүнийг хор хөнөөлтэй нөлөө үзүүлэх мэдэгдлийг зөвтгөхөд ашиглаж болохгүй.
    • Угсаатны бүлгүүд түүхэнд бусдын ашиглаж ирсэн нэрнээс илүүтэйгээр өөрсдийгөө нэрлэх тусгай нэрийг ашиглаж болно;
    • Хүмүүст таны мэдэхгүй хэлний үсэг, авиа, үг агуулсан нэр байж болно;
    • Тодорхой бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсний баримжаатай хүмүүс тусгай нэр эсвэл төлөөний үг ашиглаж болно;
    • Бие махбодийн болон сэтгэцийн тодорхой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө тодорхойлохдоо тусгай нэр томьёо ашиглаж болно
  • Биечлэн уулзах үедээ бид хүн бүрт найрсаг хандаж, бие биенийхээ сонголт, хувийн орон зай, мэдрэмж, уламжлал, шаардлагыг анхааралтай ажиглаж, хүндэтгэх болно.

2.2 – Соёлтой байдал, хамт олонч үзэл, биенээ дэмжих болон хариуцлагатай иргэний үзэл

Бид дараах зан үйлийг хэвшүүлэхийг эрмэлзэнэ:

  • Соёлтой байдал гэдэг нь хүмүүс хоорондоо, тэр дундаа танихгүй хүмүүстэй харилцахдаа биеэ авч явах байдал болон ярианы соёл юм.
  • Хамт олонч үзэл гэдэг нь нийтлэг зорилгын төлөө ажиллаж буй хүмүүсийн бие биедээ үзүүлэх нөхөрсөг дэмжлэг юм.
  • Биенээ дэмжих болон хариуцлагатай иргэний үзэл гэдэг нь Викимедиа төслүүдийг үр дүнтэй, таатай, аюулгүй орон зай байлгах, Викимедиагийн эрхэм зорилгод хувь нэмэр оруулахын төлөө идэвхтэй оролцоотой байж, хариуцлага хүлээхийг хэлнэ.

Үүнд дараах зүйлс багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй:

  • Зөвлөгч болох: Шинэ хүмүүст замаа олоход нь болон шаардлагатай ур чадварыг эзэмшихэд нь туслах.
  • Хамтрагчдаа халамжлах: Дэмжлэг хэрэгтэй үед нь туслаж, хэрэв тэдэнд Нийтлэг ёс зүйн дүрэмд заасан хүлээгдэж буй зан төлөвөөс доогуур хандаж байвал тэднийг өмгөөлж дуугарах.
  • Хувь нэмэр оруулагчдын хийсэн ажлыг үнэлж, дурдах: Тэдний тусламж, ажилд талархал илэрхийлэх. Хичээл зүтгэлийг нь үнэлж, зохих хүнийг алдаршуулах.

3 – Хориглох зан үйл

Нийтлэг ёс зүйн дүрэм нь хамт олны гишүүдэд зохисгүй зан үйлийн нөхцөл байдлыг тодорхойлоход туслах зорилготой. Викимедиа хөдөлгөөний хүрээнд дараах үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ:

3.1 – Дарамтлах, дээрэлхэх

Үүнд үндсэн зорилго нь хүнийг айлган сүрдүүлэх, уурлуулах эсвэл бухимдуулахад чиглэсэн аливаа зан төлөв, эсвэл үүнийг эцсийн үр дүн гэж үзэх бодит үндэслэлтэй аливаа зан төлөв багтана. Олон соёлт орчинд эрүүл ухаант хүний тэсвэрлэхээс илүү бол зан төлөв дарамт гэж үзэж болно. Дарамт нь ихэвчлэн сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр илэрдэг, ялангуяа эмзэг нөхцөл байдалд байгаа хүмүүс рүү чиглэсэн бөгөөд айлган сүрдүүлэх, эвгүй байдалд оруулах зорилгоор ажлын газар эсвэл найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэй холбоо барих зэрэг үйлдлийг багтааж болно. Зарим тохиолдолд нэг удаагийн үйлдэл нь дарамтлалтын түвшинд хүрэхгүй байж болох ч давтагдсанаар дарамтлал болж болно. Дарамтлалтад дараах зүйлс багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй:

  • Доромжлох: Үүнд хүнийг хочлох, доромжилсон үг хэрэглэх эсвэл хэвшмэл ойлголтоор ялгаварлах, хувийн шинж чанарт нь халдах зэрэг орно. Доромжлол нь хүний оюун ухаан, гадаад төрх, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг (эсвэл шүтлэггүй байдал), соёл, каст, бэлгийн чиг баримжаа, хүйсний баримжаа, хүйс, хөгжлийн бэрхшээл, нас, үндэс угсаа, улс төрийн үзэл баримтлал болон бусад шинж чанарт чиглэж болно. Зарим тохиолдолд тухайн мэдэгдлүүд нь тусдаа доромжлол болохооргүй байсан ч давтагдсан тохуурхал, ёжлол, түрэмгийлэл нь нийлбэр дүнгээрээ доромжлол болж болно.
  • Бэлгийн дарамт: Бусдад хандан бэлгийн сонирхол илэрхийлэх эсвэл аливаа хэлбэрээр ойртохыг оролдохдоо тухайн хүн үүнийг таашаахгүй байгааг мэдэж байсан эсвэл мэдэх боломжтой байсан тохиолдол, мөн зөвшөөрөл илэрхийлэх чадамжгүй нөхцөл байдалд үйлдэгдсэн үйлдлүүд.
  • Заналхийлэл: Бие махбодийн хүчирхийлэл, бусдыг зүй бусаар эвгүй байдалд оруулах, үндэслэлгүй нэр хүндэд хохирол учруулах боломжийг шууд болон шууд бусаар сануулах, эсвэл маргаанд ялах эсвэл хэн нэгнийг өөрийн хүссэнээр ажиллуулахын тулд дарамт шахалт үзүүлэх зорилгоор хуулийн байгууллагад хандах.
  • Бусдад хор учруулахыг өдөөх: Үүнд хэн нэгнийг өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоход уриалах, мөн гуравдагч этгээд рүү хүчирхийлэл үйлдэхийг уриалах зэрэг орно.
  • Хувийн мэдээлэл задруулах: Бусад хувь нэмэр оруулагчдын нэр, ажлын газар, оршин суугаа хаяг, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр Викимедиа төслүүд дээр эсвэл өөр газар хуваалцах, эсвэл тэдний Викимедиа дахь үйл ажиллагааны талаарх мэдээллийг төслөөс гадуур хуваалцах.
  • Мөрдөн мөшгөх: Хэн нэгнийг төслүүдийн хүрээнд дагаж, түүний ажлыг голчлон бухимдуулах эсвэл урам зоригийг нь мохоох зорилгоор дахин дахин шүүмжлэх. Хэрэв харилцааны болон соён гэгээрүүлэх хүчин чармайлт хийсний дараа асуудал үргэлжилсээр байвал хамт олны тогтсон дэг жаягаар дамжуулан шийдвэрлэх шаардлагатай болж магадгүй.
  • Төөрөгдүүлэх, үймүүлэн бусниулах: Маргааныг зориуд тасалдуулах эсвэл хүмүүсийг өдөөн хатгах зорилгоор муу санаагаар бичих.

3.2 – Эрх мэдэл, давуу эрх эсвэл нөлөөгөө урвуулан ашиглах

Бодит эсвэл бусдад төсөөлөгдсөн эрх мэдэл, давуу эрх эсвэл нөлөө бүхий байр суурьтай байгаа хүн бусадтай үл хүндэтгэсэн, хэрцгий ба/эсвэл хүчирхийллийн шинжтэй харьцах үед энэ нь урвуулан ашиглалт болно. Викимедиа орчинд энэ нь амаар болон сэтгэл санааны хүчирхийлэл хэлбэрээр илэрч болох бөгөөд дарамттай давхцаж болно.

  • Албан тушаалтнууд болон ажилтнуудын зүгээс албан тушаалаа зүй бусаар ашиглах: Томилогдсон албан тушаалтнууд, Викимедиа Сангийн болон салбар байгууллагын албан тушаалтнууд, ажилтнууд өөрт байгаа эрх мэдэл, мэдлэг, нөөц бололцоог бусдыг айлган сүрдүүлэх эсвэл заналхийлэхэд ашиглах.
  • Эрх мэдэл, туршлага, байр сууриа урвуулан ашиглах: Өөрийн байр суурь, нэр хүндийг бусдыг айлган сүрдүүлэхэд ашиглах. Викимедиа хөдөлгөөнд ихээхэн туршлагатай, нөлөө бүхий гишүүд онцгой болгоомжтой байх шаардлагатай. Тэдний гаргасан дайсагнасан сэтгэгдэл нь санамсаргүй сөрөг үр дагавар, олон нийтийн эсэргүүцлийг дагуулах эрсдэлтэй. Нийгэмлэгийн эрх бүхий гишүүд найдвартайд тооцогдох онцгой давуу эрхтэй бөгөөд үүнийгээ өөртэй нь санал нийлэхгүй байгаа бусад руу дайрахад ашиглах ёсгүй.
  • Сэтгэл зүйн хувьд залилан мэхлэх: Маргаанд ялах эсвэл хэн нэгнийг өөрийн хүссэнээр байлгахын тулд тухайн хүний өөрийн хүртэхүй, мэдрэмж эсвэл ойлголтод нь хорон санаагаар эргэлзээ төрүүлэх.

3.3 – Агуулгыг хорлон сүйтгэх болон төслүүдийг зүй бусаар ашиглах

Тал зассан, худал, буруу эсвэл зохисгүй агуулгыг зориуд оруулах, эсвэл агуулгыг бүтээх (ба/эсвэл хадгалах) үйл явцад саад учруулах, боогдуулах. Үүнд дараах зүйлс багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй:

  • Зохих хэлэлцүүлэг эсвэл тайлбар өгөхгүйгээр аливаа агуулгыг санаандгүй, санамсаргүй устгах
  • Баримтын тодорхой тайлбар эсвэл үзэл бодлыг дэмжихийн тулд агуулгыг системтэйгээр удирдах (үүнд эх сурвалжийг мушгин гуйвуулах буюу санаатайгаар худал тайлбарлах, хуурамч мэдээлэл оруулах, агуулгыг тодорхой хэв загварт хүчээр оруулах зэрэг орно)
  • Үзэн ядалтын үг хэллэг эсвэл хувь хүн, бүлэг хүмүүсийн хэн болох, итгэл үнэмшилд нь үндэслэн тэднийг гутаан доромжлох, доромжлох, үзэн ядалт өдөөхөд чиглэсэн ялгаварлан гадуурхсан хэллэг ашиглах
  • Нэвтэрхий толь бичгийн, мэдээллийн шинжтэй нөхцөл байдлаас гадуур бусдыг айлган сүрдүүлсэн эсвэл хор хөнөөлтэй бэлгэдэл, зураг, ангилал, шошго болон бусад төрлийн агуулгыг ашиглах. Үүнд бусдыг гадуурхах, нийгэм хамт олноос тусгаарлах зорилготой агуулгыг тулгах зэрэг орно.